АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын газар (FDA) “BioNTech”, “Pfizer” компаниудын хамтран бүтээсэн коронавирусний эсрэг вакциныг онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп вакцинжуулалт 24 цагийн дотор АНУ даяар эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын газрын гаргасан мэдэгдэлд тус газар вакциныг 16-гаас дээш насны нийт 37.5 мянга гаруй хүнд хийсэн туршилтын үр дүнгийн талаарх мэдээллийг авч үзсэний үндсэн дээр онцгой нөхцөл байдалд бүртгэх зөвшөөрөл олгохгүй байх болгоомжлолыг илрүүлээгүй гэж тодруулсан байна.
Вакцины хоёр дахь тунг хийсний дараа үр дүн нь 95 хувьтай гарсныг мэргэжилтнүүд баталгаажуулжээ.
Онцгой нөхцөл байдалд хэрэглэх зөвшөөрөл нь тухайн эм бэлдмэлийг зөвхөн онцгой үед хэрэглэх зөвшөөрөл бөгөөд бүрэн зөвшөөрөл гэж ойлгож болохгүй гэж CNN агентлаг онцлоод, үүний тулд “Pfizer” компани АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын газарт дахин тусдаа хүсэлт гаргах ёстой гэжээ.
Ирэх долоо хоногт багтаан 2.9 сая тун вакцины эхний хүргэлтийг тус орон даяар зохион байгуулах бөгөөд ойрын үед 20 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байна. Вакциныг түгээх ажилд хүргэлтийн компаниуд болон эмийн сангийн сүлжээнүүд туслалцаа үзүүлэхээр болжээ. “BioNTech/Pfizer” вакциныг Канад, Их Британи, Саудын Араб, Мексик, Бахрейнд бүртгээд байна.
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад нийт 15.8 сая хүн халдвар авснаас 295.6 мянга гаруй хүн эндээд байна.