Эмнэлгийнхэн болон ахмадуудыг эхлээд вакцинд хамруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13


Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хурлын үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Иргэдийг вакцинд хэрхэн хамруулах тухай сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө. 

Иргэдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулах талаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, олон улсын байгууллагууд, ДЭМБ, Сovax хөтөлбөрийг санаачлагчидтай гэрээ хэлцэл байгуулж, уг хөтөлбөрийн түнш орнуудтай хамтран ажиллаж байгаа аж.

Мөн вакцин үйлдвэрлэгчидтэй яриа хэлцэл өрнүүлж байгаа бөгөөд одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Вакцинд хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарт ажиллагсад, архаг хууч өвчинтэй хүмүүс, онцгойгийнхон, хил гааль, мэргэжлийн хяналт зэрэг цар тахалтай нүүр тулж ажиллаж байгаа хүмүүсээ хамруулах аж. Мөн 55-аас дээш насны ахмадуудаа вакцинжуулна гэлээ.

Вакцины асуудлаарх гэрээ хэлэлцээний эцсийн дүн гарахаар вакцины талаарх мэдээллийг ил тодоор ард иргэддээ өгнө гэж Засгийн газраас мэдэгдлээ.

 

Top