ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-НЫ ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ "ЗӨСҮТ-ийн багууд Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллаж, уртын тээврийн жолооч нарт коронавирусний халдварын шинжилгээ хийсэн. Тэднээс халдвар илрээгүй. Дэлхий дахинд халдвар цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж судлаачид дүгнэж байна. Хойд хөрш ОХУ-д хоногт 26 мянга гаруй хүн өвчилж, манай улстай хиллэдэг хэсгүүдэд өвчлөл нэмэгдэж байна. Хөрш орнууд болон манай орны байдлыг харахад тархалт эрчимтэй байх хандлагатай байна" гэв.
Даваа гарагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор дэлгүүр, хүнсний байгууллага, ресторанууд өдрийн цагаар дэглэмээ зөрчиж, сандал, ширээгээ хол байрлуулахгүй байх, олон хүн бөөгнөрүүлэх зэрэг доголдол гаргаж байгаа учир үйлчилгээний газрын удирдлагууд онцгой анхаарна уу гэлээ.
ЭМЯ-наас иргэдэд хандан "Агааржуулалт муутай орчин, дэлгүүрт 15 минутаас илүү хугацаанд байх шаардлагагүй. Худалдаж авах зүйлсийнхээ цэсийг урьдчилан бичиж ороод, хүнсээ богино хугацаанд цуглуулж, 10-15 минутын дотор тэндээс гарах хэрэгтэй" гэж зөвлөлөө.
Мөн амны хаалт зүүсэн гээд хоорондоо ойрхон байж болохгүйг анхааруулсан юм.