ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЗӨСҮТ-ийн баг голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж байна. Нүүдлийн лаборатори Өмнөговь аймагт ажиллаж, шинжилгээ хийж байна. Тэндээс коронавирусний халдвар илрээгүй. Тусгай дугаарын долоон утсанд хоногт 5000 гаруй иргэн хандаж, зөвлөмж авсан" гэлээ.
Хөрш ОХУ-д өвчлөл өнгөрсөн өдрийнхөөс 2000 гаруй тохиолдлоор нэмэгдэж, 28 мянга гаруй тохиолдол хоногт бүртгэгджээ. Хойд хөршид өвчлөл долгион маягаар урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаас ЭМЯ-наас анхаарууллаа.
Манай улсад мөн томуугийн харуулдан тандалт явагдаж байна. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярихдаа "ЭМЯ-ны сайдын тушаалын дагуу томуугийн тандалтаас коронавирусний халдвар илрүүлэх тандалт руу шилжиж байна. Томуу, томуу төст өвчин буурсан үзүүлэлттэй байгаа нь иргэд амны хаалт зүүж, зайгаа барьж, хүн хоорондын бөөгнөрөл үүсгэхгүй байгаатай холбоотой. Мөн салхин цэцэг, тууралтат халдварууд буурсан үзүүлэлттэй байна. Хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх, гараа сайтар савандаж угаах зэрэг үйл ажиллагаагаа сайтар сахиарай. Эдгээрийг амьдралынхаа хэвшил болгож, халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах зан үйлтэй болох нь ач холбогдолтой юм" гэв.
Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь амьсгалын замын өвчин, коронавирусний халдвараас сэргийлэх гол арга юм. Нийтийн тээвэр, ялангуяа эмнэлэг эрсдэл өндөртэй газар болж байна. Эмнэлэгт зайлшгүй очих бол өндөр настай хүмүүсийг дагуулж очихгүй байх, эмнэлэг явах хүнийг нэг л хүн дагаж явах, эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол сахиурын тоогоо багасгах, нэг л хүнээр сахиулахыг хичээгээрэй.
Цар тахлын шинэ вируст хүн бүр мэдрэг, вирус өөрөө хүнд наалдамхай байдаг учир анхаарал болгоомжтой байхыг ЭМЯ-наас санууллаа.