ЭМЯ: Хамт ажилладаг, нэг өрөөнд суудаг хүмүүс өвдөх эрсдэл их байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЗӨСҮТ-ийн баг 24 цагаар ажиллан, голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж байна. Тусгай дугаарын долоон утсанд иргэдийн дуудлагыг хүлээн авч, зөвлөмж зөвлөгөө өгч байгаа. Дэлхийн олон оронд халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүний хөдөлгөөн, нягтралыг багасгах нь халдвартай тэмцэх үндсэн арга болж байна. Олон хүн нэг дор байх нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна. Залуус гадуур явж, халдвар ихээр авч, ахмад настай хүмүүст халдааснаар өвчлөл хүндрэх нөхцөл болж байгаа. Манай улсад гэр бүлийн хүрээнд халдварлах байдал 10-86 хувьтай байна" гэлээ.

Хүний нягтралыг багасгах, холын зайнаас харилцах, амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах, гэр орноо цэвэрлэх нь цар тахлын үед зайлшгүй хэрэгтэй дэглэм юм. Манай орны хувьд хамт ажиллаж байгаа, нэг өрөө тасалгааны хүмүүс өвдөх эрсдэл их байна.

Нийслэлд хүний нягтралаа бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй, аж ахуйн нэгж байгууллагууд ажилчдынхаа тоог цөөлж, гуравны хоёр хувийг нь гэрээсээ ажиллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байна. Албан байгууллагууд ажлын байрандаа хүн хоорондын зайг 1.5-2 метрт байхаар тохируулж, байгалийн агааржуулалтаас гадна шүүлтүүртэй агааржуулалт хэрэглэх хэрэгтэй байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.

 

Top