КОВИД-19| Их Британид нөхцөл байдал хяналтаас гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок коронавирусний шинэ төрлөөс үүдэлтэй нөхцөл байдал хяналтаас гарлаа гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, хүмүүс Зул сарын баярыг тэсэн ядан хүлээж буй ч КОВИД-19 шинэ хувилбар хэт эрчимтэй тархаж байгаа тул Их Британийн Засгийн газар шийдвэртэй алхам авахаас өөр аргагүйд хүрсэн байна. Ирэх нэгдүгээр сард тус улсын парламентаар хэлэлцэх хорио цээрийн хатуу арга хэмжээг Лондон хот болон Английн зүүн өмнөд болон зүүн хэсэгт авахаар төлөвлөж байна. Мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, коронавирусний шинэ төрөл өмнөх хувилбараас 70 хувиар илүү халдвартай ч хоруу чанар нь одоогоор тогтоогдоогүй байна.

Үүнтэй холбогдуулан Лондон болон Английн зүүн өмнөд хэсэгт хатуу хөл хорио тогтоожээ. Тус улсад халдвар авсан хүний тоо хоёр саяыг давж, 68 мянга орчим хүн нас бараад байна.

Их Британид коронавирусний шинэ төрөл илэрсэнтэй холбогдуулан Канад, Финланд, Колумб, Итали, Бельги, Австри, Герман зэрэг улс орнууд Их Британитай тээврийн харилцаагаа түр зогсоогоод байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Лондон хотод хатуу хөл хорио тогтоож буй тухай мэдэгдсэний дараа тус хотын олон мянган оршин суугч хотоос гарах зорилгоор галт тэрэгний буудалд бөөгнөрөл үүсгэж, авто зам дээр олон км үргэлжилсэн түгжрэл үүсгэжээ.

Top