ДЭМБ: Долоо хоногт халдварын шинэ тохиолдол 4.6 саяар нэмэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд коронавирусний халдварын шинэ тохиолдол 4.6 гаруй саяар нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Ингэхдээ нас баралт 79 гаруй мянгаар мөн нэмэгдсэн байна.

ДЭМБ-ын мэдээллээр, энэ сарын 14-20-нд дэлхийд нийт 4 612 790 хүн шинээр халдвар авч, 79 001 хүн энджээ. Үүнээс өмнө энэ сарын 7-13-ны хооронд 4 329 927 хүн шинээр халдвар авсан нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байсан билээ. Ингэснээр, халдварын тохиолдол зургаан хувь, нас баралт дөрвөн хувиар нэмэгджээ.

Хамгийн олон буюу 2.3 сая шинэ тохиолдол Өмнөд болон Хойд Америкт бүртгэгдсэн бол Европт нас баралт хамгийн өндөр буюу 36 мянга гаруй хүн эндсэн байна.

АНУ-д нэг долоо хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1.6 саяар нэмэгдсэн бол Бразилд 326  мянга, Туркт 194 мянга, ОХУ-д 194 мянга гаруй, Энэтхэгт 174 мянга, Германд 173 мянга, Их Британид 173 мянга, Италид 112 мянга, Францад 93 мянга, Польш 76 мянга, Нидерландад 73 мянга, Колумб улсад 73 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн хамгийн өндөр үзүүлэлт юм.
 

Top