Их Британид коронавирусний өөр шинэ омог илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Их Британид коронавирусний өөр нэг шинэ омог илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ. Энэ вирус нь илүү халдвартай бөгөөд өмнөх шинэ омгийг бодвол мутацад үргэлжлэн орсон байх магадлалтай гэж тэрбээр онцолсон байна.

Одоогийн байдлаар шинэ омгоор халдварласан хоёр тохиолдол бүртгэгдсэн ба хоёулаа Өмнөд Африкаас иржээ. Үүнтэй холбогдуулан, Их Британийн эрх баригчид Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс руу зорчихыг хязгаарлаж, тус улсаас ирж буй зорчигчдыг хоёр долоо хоног тусгаарлахаар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Их Британийн зүүн хэсэгт коронавирусний шинэ омог илэрсэн тухай мэдээлж байсан билээ. Коронавирусний энэ мутац өмнөх хувилбарыг бодвол 70 хувиар илүү халдвартай гэж үзэж байна.

Үүнтэй зэрэгцэн Малайз улс КОВИД-19 шинэ мутац илэрсэн тухай мэдэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Нура Хишама Абдуллугийн хэлснээр, A701V гэж нэрлэгдээд буй омог Сабах мужаас авсан 60 дээжээс илэрчээ. Энэхүү омог нь хэр халдвартай, хоруу чанартай болох зэрэг эмнэлзүйн үйлчлэлийг судлах гэнэ. 

Top