Энэ ням гарагт (2020.12.27) Европын Холбооны гишүүн улс орнуудад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэлж байна. “BioNTech - Pfizer” вакциныг -70 хэмийн хүйтэнд хадгалах нөхцөлтэй холбоотой ложистикийн асуудал зэргээс шалтгаалан Европын комиссын вакцинжуулалтыг нэг өдөр зэрэг эхлэх төлөвлөгөө санаснаар болсонгүй. Герман, Унгар, Словак зэрэг улсууд энэ сарын 26-нд иргэдээ вакцинд хамруулж эхэлсэн бол өнөөдөр Франц, Австри, Итали, Испани, Португали, Грек Кипр, Швед, Дани, Польш, Чех, Болгар, Хорват, Литв, Эстон зэрэг улсууд энэхүү өргөн хүрээний кампанит ажлыг эхлүүлж байна. 28-нд Бельги, Люксембург, Латви зэрэг улсууд эхлэх бол Нидерланд, Финланд ирэх оны эхний долоо хоногийг сонгожээ.
Европын Холбооны гишүүн улс бүр эхний ээлжид 9750 тун вакцин хүлээн авсан бөгөөд юуны өмнө эмч, эмнэлгийн ажилтан, өндөр настан зэрэг эрсдэлтэй бүлгийн Таван мянган хүнийг вакцинжуулалтад хамруулах юм. Бүх нийтийн вакцинжуулалт ирэх хавраас буюу вакцины хангалттай нөөц бий болох үед эхлэх юм.
Вакцины албан ёсны өртөг худалдааны нууц хэвээр байна. ЕХ “BioNTech – Pfizer” компанитай 200 сая тун вакциныг 2021 оны есдүгээр сар хүртэл нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэхдээ вакцины төлбөрийг ЕХ-ны гишүүн улс орнууд өөрсдийн төсвөөс гаргах юм. Энэ сарын эхээр Бельгийн эрүүл мэндийн сайд өөрийн твиттертээ вакцины үнийг 12 евро хэмээн мэдэгдсэн хэдий ч Европын комисс үүнийг батлаагүй юм. Вакцины үнийг тухайн улс эрүүл мэндийн даатгалын тогтолцооноос хамааран өөрөө тогтоох юм. Ихэнх орнууд вакцинжуулалтыг үнэгүй зохин байгуулахаа мэдэгдээд байгаа юм.
Одоогийн байдлаар Европын комисс мөн “AstraZeneca”, “Sanofi - GSK (GlaxoSmithKline)”, “Johnson & Johnson”, “CureVac” болон “Moderna” компаниудтай нийт хоёр тэрбум тун вакцин авах гэрээ байгуулаад байна. ЕХ-ны нийт хүн ам 450 сая. Тиймээс Европын комисс илүү вакцинуудыг гуравдагч орнуудад хуваарилахаар төлөвлөж байна.