АНУ-ын Нью Йорк мужийн цагдаа “Parcare” эмнэлгийн сүлжээ луйврын аргаар КОВИД-19-ийн эсрэг вакцин олж авч, хувь хүмүүст санал болгосон гэх мэдээллийг шалгаж эхэлсэн тухай тус мужийн амбан захирагчийн цахим хуудсанд мэдээлжээ.
Мужийн эрүүл мэндийн сайд Ховард Цукерийн мэдэгдсэнээр, энэ хэрэг бол вакциныг хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнуудын асрамжийн газрын оршин суугч болон ажилтнуудад олгох тухай мужийн эрх баригчдын төлөвлөгөөг зөрчиж байна гэжээ. Тэрбээр энэ хэргийг хууль хүчнийхэнтэй хамтран шалгах болно гэж мэдэгдсэн байна.
АНУ-д “BioNTech”, “Pfizer” компанийн хамтран бүтээсэн “Comirnaty” вакциныг өнгөрсөн долоо хоногоос зорилтот бүлгүүдэд хийж эхэлсэн билээ.
Тус улсад өнгөрсөн хугацаанд нийт 18.7 сая гаруй хүн халдвар авснаас 330 мянга гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн 24 цагийн дотор нийт 106 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 1223 хүн эндсэн байна.