Д.Нарангэрэл: COVID-19-ийн шинэ хувилбар илүү аюултай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд 2400 эрүүл мэндийн ажилтан коронавирусний халдвартай тэмцэх, сэргийлэх ажилд хүчээ дайчиллаа. Дэлхийн 218 улс орон, бүс нутагт 80 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн. Хөрш ОХУ, Тува, Буриад, Алтайн бүгд найрамдах улсад хоногт 70-200 хүн өвчилж, хил залгаа бүс нутагт өвчлөл их байна. Мөн урд хөршийн Бээжин хотод халдвар илэрч, хөл хорио тогтоох арга хэмжээ авсан" гэлээ.

Түүнчлэн Их Британиас эхэлсэн коронавирусний халдварын мутацид орсон шинэ хувилбар хэд хэдэн онцлогтой байгааг хэлэв. Уг вирус халдварлуулах чадвар 75 хувь өндөр, цаашид халдвар өсөх магадлалтай гэж үзэж байна. Энэ шинэ вирус нь хүүхэд, өндөр настай хүмүүст илүү аюултай, шинж тэмдэггүй байх хугацаандаа шинжилгээгээр илрэхгүй байх магадлал их байна.

Коронавирусний халдварын шинэ хувилбарын халдвар нь ахмад настан, архаг хууч өвчинтэй, өндөр настай хүмүүс, жирэмсэн эхчүүдэд илүү аюултай тусаж байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Иймээс эдгээр хүмүүстээ илүү анхаарал халамж тавих, эрүүл мэндийн байгууллагаар дагуулж явахгүй, шинэ жил гэж дарвиж, олуулаа цуглахгүй байхыг анхааруулсан юм. 

 

Top