ЭМЯ: Гэр бүлийн гишүүдийг хамтад нь тусгаарлаж байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр коронавирусний халдвар жирэмсэн эмэгтэйн урагт хэрхэн нөлөөлж байгаа талаарх асуултад ЭМЯ-наас "Энэ талаарх судалгаанд эцсийн шийдвэр гараагүй. Янз бүрийн судалгаа байгаа, одоогоор мэдэгдэж байгаагаар вирусний эсрэг эмүүд урагт нөлөөлөх эрсдэлтэй учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд эмчилгээ хийхдээ ураг хамгаалах эмчилгээг давхар хийгээд явж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Түүнчлэн ЭМЯ-наас 19 дүгээр хорооллын "Номин" агуулахаар халдварын хавьтал болсон хүмүүс орсон учраас тандалт, ариутгал халдаргүйтгэлийн арга хэмжээ авсан гэдгийг мэдээлээд "Иргэд сайн дураараа шинжилгээ өгөх цэгүүдийн байршил, мэдээллийг дахин тавья" гэв.

Коронавирусний халдвараар нас барсан хүний биед вирус хэр удаан хадгалагддаг вэ гэсэн асуултад дараах тайлбарыг хийлээ. Ухань хотод хийсэн судалгаагаар вирус ялгарч байх ид үедээ эндсэн хүний цогцост 3-4 хоног коронавирус ялгарч байна гэсэн дүн гарчээ. Вирус хөрсөөр дамжина гэсэн судалгаа гараагүй бөгөөд хаврын улиралд хөрс бохирдсон үед салхиар дамжин агаар бохирдуулах талаар мэдээлэл бий гэнэ. Мөн бохирын ялгадас, цэвэрлэх байгууламжуудаас коронавирус илэрсэн тохиолдол байгааг хэллээ.

ЭМЯ-наас мөн тусгаарлалтад гэр бүлийн гишүүдийг нэг дор оруулдаг дэлхий нийтийн жишгээр манай улсад ч гэр бүлийн хүмүүсийг хамтад нь тусгаарлаж байгааг хэлэв. Гэхдээ аль болох цөөхнөөр нь тусгаарлаж байгаа аж.

 

Top