ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Хавдар судлалын үндэсний төвд нас барсан иргэний талаар өгсөн мэдээлэлдээ “60 настай эмэгтэй энэ сарын 19-нд эмнэлэгт унтаа байдалтай ирээд, хар хүрэн өнгөтэй бөөлжиж, эмчийн өгсөн зааврыг ойлгож байгаа мэт боловч хариу үйлдэл үзүүлж чадахгүй, биеийн байдал маш хүнд байсан. Дөрвөн цаг гаруй эмчилгээ хийлгэх үед амьсгалын замын өвчний зовуурь хэлээгүй. 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай гэж оношлогдсон хүн байсан. Элэгний хорт хавдрын хожуу шатанд, хавдрын хордлоготой эмнэлэгт ирээд, тусламж авч байгаад нас барсан. Тухайн үед өвчтөнөөс хамар залгиурын шинжилгээ авах боломжгүй байсан. Арванхоёрдугаар сарын 25-ны өглөө 07:00 цагт ар гэрийнхэн нь шарилыг авсан” гэлээ.
ХСҮТ дотор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 114 өвчтөн, 44 сахиур эмнэлэгт байна гэв. Гадна талдаа тус төвийн тусламж үйлчилгээг улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, БГД-ийн эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газар руу шилжүүлэн хийж байгаа аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 8894 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ. Тухайлбал, "Баянзүрх эмнэлэг"-ийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 10 хүн, Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч зургаан хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр халдвар авсан буюу эмчлүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын тоо 28 боллоо.
Монгол Улсын хэмжээнд коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 1137 боллоо.
Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 666, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 394 байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 416 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.
Биеийн байдал маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР