ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "2400 гаруй эрүүл мэндийн ажилтан коронавирусний халдвартай тэмцэх, сэргийлэх ажилд хүч дайчилж байна. Тусгай дугаарын долоон утсанд 24 цагийн дотор 4600 гаруй хүн хандаж, зөвлөгөө авчээ. Дэлхий нийтээс хамгийн их анхаарал татаж байгаа орон бол Их Британи байна. Тус улсад мутацид орсон вирус тархаж байгаа. Эмч нар хөнгөн өвчтөнүүдэд утсаар зөвлөгөө өгөх, гэрээр нь эмчлэх, хүнд өвчтөний амь нас эрсдэхээс хамгаалах тактикаар ажиллаж байгаа. Цаашид манай улсад байдал хүндэрвэл бид гэрээр эмчлэх тактикт шилжинэ" гэлээ.
Иргэд өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж, шинэ жилийн баяраар гаднаас зочин урихгүй, олон хүнтэй газруудад аль болох очихгүй байх, хүн хоорондын зай барих нь хамгийн чухал юм. Амны хаалтныхаа гадна талд гараараа хүрэхгүй байх, гадуур явахдаа бээлий өмсөж явахыг ЭМЯ-наас дахин анхаарууллаа. Дэлхийн улс орнуудад вакцин хийж эхэлсэн ч вакцины дархлаа үүсээгүй, мутацид орсон вирусний эсрэг вакцин хэрхэн үйлчлэх нь тодорхой бус байна гэв.
Нийслэл Улаанбаатар хот коронавирусний халдварын том голомт болоод байна. Иймээс та бүхэн хөдөө орон нутаг руу аав, ээж, ах дүүс рүүгээ явж, тэдэндээ эрсдэл учруулахгүй, халдварыг аймгуудад тархаахгүй байх тал дээр маш анхааралтай байгаарай. Хүнд бэрх үе бидний урд байна, асуудал хүндэрч байгаа дэлхий нийтийн жишгийг та бүхэн харж байгаа учир хайртай бүхнийхээ төлөө өндөр сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхааруулав.