Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл манай улсад амьдралын хэв маягаас шалтгаалаад гэр бүлийн хүрээнд халдвар тархах эрсдэл дэлхийн бусад орнуудаас өндөр байгааг хэллээ.
Тэрбээр "Манайхан ах, дүү нарындаа их очдог нь халдвар тархах бас нэгэн шалтгаан болж байна. Иргэд та бүхэн өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалж, шинэ жилийн баярыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж, гаднаас зочин урихгүй байх нь чухал юм" гэв.
Нийслэл Улаанбаатар хот коронавирусний халдварын том голомт болоод байгаа учир иргэд нийслэлээс хөдөө орон нутгийг зорихгүй байх, халдварыг аймгуудад тархаахгүй байх нь чухал юм. ЭМЯ-наас хүнд бэрх үе бидний ард биш урд байгааг анхаарууллаа.
"Дэлхий нийтэд халдварын нөхцөл байдал хэд хэдэн давалгааг дамжин, хүндэрч байгааг харж байгаа учир хайртай бүхнийхээ төлөө өндөр сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас дахин анхааруулсаар байгаа. Мутацид орсон вирус тархаж, байдал хүндэрч байгаа Их Британи улсад эмч нар хөнгөн өвчтөнүүдэд утсаар зөвлөгөө өгөх, гэрээр нь эмчлэх тактикаар ажиллаж эхэлсэн. Хүнд өвчтөний амь нас эрсдэхээс хамгаалах энэ тактикийг дэлхийн улс орнууд ашигласаар байна. Манай улсад цаашид байдал хүндэрвэл энэ тактикт шилжинэ" гэж ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.