Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусний халдвар дэлхий дахинд гарснаас хойш нэг жил болж байна. ДЭМБ-аас 2020 оны гуравдугаар сард цар тахал гэж зарласан. Дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн Ковидын халдвар одоогоор Англи улсаас гаралтай шинэ төрлийн коронавирусний тархалтаар үргэлжилж байна" гэлээ.
ЭМЯ-наас мөн цар тахлын үед хамтран ажиллаж, хүнд үеийг даван туулж байгаа ард түмэндээ талархал илэрхийллээ. 2021 онд дэлхий нийтээр вакциныг өргөн хэрэглэх боловч энгийн зөвлөмжүүдээ дагасаар байхыг уриаллаа. Ингэвэл бид цаашдаа цар тахлыг хохирол багатайгаар даван туулах юм.
Цар тахалтай тэмцэх, сэргийлэх ажилд 24 цагийн турш 2400 гаруй эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид ажиллаж байна. ЗӨСҮТ-ийн баг 24 цагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийж, тусгай дугаарын долоон утсан дээр иргэдийг хүлээн авч, зөвлөмж, заавар өгсөөр байгаа юм.
Их Британиас эхтэй коронавирусний мутацид орсон хувилбар Азийн зургаан оронд бүртгэгдээд байгаа билээ.
Манай орны хувьд гэр бүлийн хүрээнд халдвар дамжих эрсдэл дэлхийн бусад улсаас өндөр хэмжээнд байгаа аж. Монголчуудын амьдралын хэв маягаас шалтгаалан гэр бүлийн хүрээнд халдвар дамжих эрсдэл их байгаа энэ үед гараа савандаж угаах, ариутгах, зай барих, хүн олноор цугларсан газраар явахгүй байх, бүгчим орчинд байхаас татгалзах, шинэ жилийг цахимаар тэмдэглэх гэсэн ариун цэврийн дүрмээ баримтлан сайхан баярлаарай.