ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймагт ажиллаж, уртын тээврийн жолооч нарт шинжилгээ хийж байна. Тэднээс коронавирусний халдвар илрээгүй. Тусгай дугаарын долоон утсанд хоногт 11 мянга гаруй хүн утасдаж, заавар зөвлөгөө авчээ. Дэлхий дахинд 172 вакцин туршилтын эмнэлзүйн өмнөх шатандаа, 60 вакцин эмнэлзүйн шатандаа явж байна. ДЭМБ-ын өнгөрсөн сарын 31-нд “Pfizer/BioNTech” вакциныг анх удаагаа бүртгэлээ. Энэ сарын 5-нд ДЭМБ-ын зөвлөх багийн хурлаар уг вакциныг яаж хэрэглэхийг зөвлөлдөнө" гэлээ.
Дэлхийн олон орон өөрийн улсынхаа эмийн бүртгэлд бүртгэсэн вакциныг хэрэглэж байна. Коронавирусний эсрэг вакцин хийж байгаа 29 улсаас Хятад, АНУ, Их Британи, Израил, ОХУ хамгийн олон хүнээ вакцинжуулжээ.
Улс орнууд вакцин хэрэглэж байгаа хэдий ч амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэрэг дэглэмээ мөрдсөн хэвээр байхыг ДЭМБ-аас анхааруулжээ.