Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймагт ажиллаж, уртын тээврийн жолооч нарт шинжилгээ хийж байна. Тусгай дугаарын долоон утсанд иргэдээ хүлээн авч, заавар зөвлөмж өгсөн хэвээр байгаа. Дэлхий дахинд коронавирусний тархалт өндөр хэвээр байна. БНСУ, Япон улсад эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдсэн, хөл хориог чангатгах арга хэмжээ авч байна. Тархалтыг хумьж чадсан байсан Австрали улсад ч халдвар огцом нэмэгдсэн байна. Дэлхий даяар бүх нийтийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, амны хаалт зүүх, зүүгээгүй хүнд өндөр торгууль ногдуулах арга хэмжээ авч эхэлсэн. Олон хүнийг хамарсан өвчлөл гарах нөхцөл бүрдээд байгаа учир зай барих, амны хаалт зүүх зэрэг арга хэмжээгээ сайтар авах хэрэгтэй байна" гэлээ.
Нийслэл Улаанбаатар хот халдварын голомт болоод байгаа учир халдварыг аймаг, орон нутаг руу зөөчихгүй байхын тулд анхааралтай байж, иргэд хулгайн замаар зорчих гэж оролдох зэрэг үйлдлээ зогсоох хэрэгтэй байна гэв. Иргэд та бүхнийг эх орон, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахыг ЭМЯ-наас хүслээ.
Мөн хүмүүс амны хаалтаа ил задгай хаяж байгаа үйлдлээ зогсоохыг анхааруулсан юм. Таны хаясан амны хаалт бусдыг өвчлүүлэх учир замбараагүй хаях нь аюултай гэдгийг дахин анхааруулъя.