“Pfizer” компани вакцинаа өндөр үнээр Африкт санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 04

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд Африкийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан 50 сая тун вакциныг энэ оны гуравдугаар сараас нийлүүлж эхлэхийг санал болгожээ.
Ингэхдээ тус компаниудын вакцины өртөг маш өндөр буйг Африкийн холбоо онцолсныг Блүмберг агентлаг мэдээлжээ.

Одоогийн байдлаар, Африкийн холбоо вакцин нийлүүлэгч хэд хэдэн компанитай хэлэлцээ хийж  байгаа аж. Африкийн Экспорт, импортын банкны мэдэгдсэнээр, тус тивд цар тахлын тархалтыг зогсооход шаардлагатай вакциныг худалдан авахад есөн тэрбум гаруй ам.доллар шаардлагатай гэнэ. 

Африкийн ихэнх улс орнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбоо болон Халдвар өвчинд бэлэн байдлыг хангах салбарын шинэчлэлийн эвсэлтэй хамтран эхлүүлсэн “COVAX” олон улсын механизм нэгджээ. Тус хөтөлбөр КОВИД-19 вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдан авалт хийх зорилготой. Хөтөлбөрийн нөхцөл ёсоор өндөр хөгжилтэй улс орнууд вакцины худалдан авалтын төлбөрийг гүйцэтгэх замаар хөгжиж буй орнуудад вакцин авах боломжийг бий болгох юм. Шинжээчдийн үнэлгээгээр, “COVAX” механизмын хүрээнд энэ онд Африкийн хүн амын 20-иос дээшгүй хувийг вакцинжуулах боломжтой. Гэвч энэ нь тус тивд цар тахлыг зогсооход хангалттай бус гэж шинжээчид үзэж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Африкт 2 782 260 хүн халдвар авснаас 66 мянга гаруй нь нас бараад байна. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Морокко, Египет, Тунис, Этиопт халдвар хамгийн өндөр байна.

Top