АНУ-ын “Pfizer” компанитай хамтран вакцин гаргаж авсан Германы “BioNTech” компани зарим улс орон аль болох олон хүнийг вакцинжуулалтад хамруулах үүднээс эхний тунг төлөвлөснөөс олон хүнд хийж байгаатай холбогдуулан вакцины хоёр дахь тунг гурван долоо хоногоос хойшлуулж хийх нь аюулгүй байдал, үр дүнг баталсан мэдээлэл байхгүйг анхааруулжээ.
Тус компанийн онцолсноор, вакцин нь хоёр тунг 21 хоногийн зайтай хийсний дараа 95 хувийн үр дүнтэй болохыг харуулсан ба тун хоорондын хугацаа өөрчлөгдөхөд вакцины аюулгүй байдал, үйлчилгээнд нөлөөлдөг эсэхийг үнэлээгүй байна.
Хэдийгээр вакцины эхний тун хийлгэснээс хойш 12 хоногийн дараа тодорхой хэмжээний хамгаалалт үүсдэг болох нь тогтоогдсон ч энэ хамгаалалт 21 хоногийн дараа хадгалагддаг эсэхийг баталсан мэдээлэл байхгүй гэж тус компани онцолжээ.
Вакцины нийлүүлэлт хязгаарлагдмал буйтай холбогдуулан Дани тун хоорондын хугацааг зургаан долоо хоног хүртэл сунгана гэж мэдэгдсэн бол Их Британи хоёр дахь тунг 12 хүртэл долоо хоног хүлээх болно гэж мэдэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн тус вакциныг 21-28 хоногийн дотор хийхийн зөвлөсөн байна.