ЕХ дахин нэг вакцин хэрэглэх зөвшөөрөл олгожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Европын эм бэлдмэлийн агентлаг (ЕМА) АНУ-ын “Moderna” компанийн коронавирусний эсрэг вакциныг Европын Холбооны нутаг дэвсгэрт хэрэглэх зөвшөөрөл олголоо.

Тус агентлагийн тусгай хороо “Moderna” компанийн коронавирусний эсрэг вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг нягталсны үндсэн дээр Европын комисст нөхцөлт зөвшөөрөл олгох тухай зөвлөмж хүргүүллээ гэж тус агентлагийн цахим хуудсан мэдээлжээ. Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг ойрын үед олгоно гэж өөрийн твиттертээ мэдэгдсэн байна.

Европын комисс “Moderna” компанитай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 160 сая тун вакцин авах тухай гэрээ байгуулжээ. Үүнээс гадна ЕМА өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд Pfizer/BioNTech вакциныг Европын зах зээлд гаргах зөвшөөрөл олгосон билээ. Гэрээ ёсоор нийт 300 сая тун вакцин нийлүүлэх бөгөөд одоогийн байдлаар нэмэлт захиалга өгөх тухай хэлэлцээ хийж байна.

Түүнчлэн Европын комисс AstraZeneca, Johnson&Johnson, Sanofi-GSK, CureVac компаниудтай вакцин худалдан авах гэрээ байгуулаад байгаа юм. Ингэснээр Европын Холбоо нийт 1.2 тэрбум тун вакцин авах юм.

Top