Японы эрх баригчид нийслэлийн бүсэд онц байдал зарлана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Японы Засгийн газар нийслэлийн бүсэд онц байдал тогтооно гэж Засгийн газрын халдвартай тэмцэх штабын тэргүүн Ясүтоши Нишимүра парламентдаа өнөөдөр танилцуулжээ. Нийт 37.2 сая хүн амтай нийслэлийн бүсэд Токио, Канагава, Сайтама, Чиба муж багтдаг байна.

Маргааш (2021.01.08) хүчин төгөлдөр үйлчлэх онц байдал ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Онц байдлын үеэр иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, ресторан, бааруудыг 19.00 цагаас хойш согтууруулах ундаа зарахгүй, 20.00 цагаас хаалгаа барихыг уриалах юм. Томоохон дэлгүүр, үйлчилгээний газрууд богиносгосон цагаар ажиллах гэнэ. Сургуулиуд үргэлжлүүлэн ажиллах ба ажлын байранд ажиллах хүмүүсийн тоог 70 хувиар бууруулахыг компаниудад уриалж байна.

Токио хотод пүрэв гарагт 2000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдөртэй харьцуулахад 400 гаруйгаар нэмэгджээ.

 

Top