Германд өнгөрсөн 24 цагт коронавирусний халдвар авсан хүний тоо 26391-ээр нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 1 835 038-д хүрээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.
Сүүлийн нэг хоногт коронавирусний халдварын улмаас 1070 хүн эндсэн бол цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын оноштой 37 607 хүн нас бараад байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Германы Засгийн газар хорио цээрийн арга хэмжээг чангатгах шийдвэр гаргалаа. Хүмүүст өөр гэр бүлийн зөвхөн нэг хүнтэй уулзах, хэд хэдэн суурин газарт гэрээсээ 15 км-ээс хол явахыг хоригложээ. Ихэнх хотуудын эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
Локдаун буюу хөл хорио энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх гэнэ. Тус улсад хүнс, эмийн сан, банк, шуудан, амьтны дэлгүүр, эмнэлгийн байгууллагуудаас бусад бүх үйлчилгээний газрууд хаалгаа бариад байна. Сургуулиуд цахим хичээл явуулж байна.
Германд хорио цээрийн хатуу арга хэмжээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд тогтоож, энэ сарын 10-нд цуцлагдах ёстой байв.