ЭМЯ: Баянгол дүүрэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтооно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. (2021.01.08) Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Нийслэл хотод шалтгаан, эх үүсвэр нь тодорхойгүй халдвар тархаж байна. Гашуунсухайт боомтод 276 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улсын хэмжээнд 571 мянга гаруй шинжилгээнд хамруулахад долоон хүнээс коронавирус илрүүлсэн.

119 утсанд 638 иргэн хандаж, зөвлөгөө авчээ.

Азийн орнуудад халдвар нэмэгдэж байна. Японд долоон мянга гаруй халдвар аваад байна. Тус улсын Засгийн газар нийслэлийн бүсэд онц байдал тогтоох шийдвэр гаргаад байна.

Манай улсын нийслэлд халдварын тархалт өндөр байна. Тиймээс ард иргэд амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх шаардлагатай байна. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, үнэн зөв мэдээлэл авах, асуудалд эерэгээр хандахыг зөвлөж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газар: Ачтан эмнэлэг болон хэд хэдэн газарт халдвар голомтлон гарч буйтай холбогдуулан тухайн байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тандалт, судалгаа хийж байна. Нийт 50 явуулын баг ажиллаж, 300 эмч шинжилгээ авна. Шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 

Top