ДЭМБ баян орнуудад вакцины дарааллыг таслахгүй байхыг уриалжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус бага болон дунд орлоготой улс орнууд өнөө хэр КОВИД-19-ийн эсрэг вакцин авч чадаагүй байна гэж мэдэгдээд улс орнуудад вакцин үйлдвэрлэгчидтэй хоёр талын гэрээ хийж, вакцины дарааллыг алдагдуулахгүй байхыг уриалжээ. 

Гебрейесус баян улс орнууд вакцины нийлүүлэлтийн ихэнх хэсгийг аваад байна гээд ямар ч улс орон бусад нь вакцингүй байхад ард иргэдээ бүрэн вакцинжуулалтад хамруулах давуу эрхгүй гэж онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр хэрэгцээнээс илүү захиалсан вакцинаа “COVAX” хөтөлбөрт даруй олгохыг хүсжээ. Европын Холбоо “Pfizer”, “BioNTech” компаниудтай нэмж 300 сая тун вакцин авах гэрээ байгуулсан нь 2021 оны нийт үйлдвэрлэлийн хэмжээний талыг эзэлж байгаа юм.

Их Британи болон Өмнөд Африкт коронавирусний илүү халдвартай омог илэрсэн нь вакцины төлөөх өрсөлдөөн улам ширүүссэн байна.

Түүнчлэн, ДЭМБ-ын удирдлагууд вакцин үйлдвэрлэгчдэд хандан захиалгын тоо хэмжээний талаар тогтмол мэдээллээр хангаж байхыг мөн уриалжээ.

ДЭМБ-ын мэдээллээр, “COVAX” хөтөлбөр ийн хүрээнд вакцин худалдаж авах хязгаарлагдмал боломжтой эсвэл огт боломжгүй 92 оронд вакцин худалдан авахад нь туслахад шаардлагатай долоон тэрбум ам.доллароос одоогийн байдлаар зургаан тэрбум ам.доллар цуглараад байна.
 

Top