ЭМЯ: Гэртээ байж, эмнэлгийн байгууллагад яаран очих хэрэггүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийслэл хотод халдвар голомтлон гарсаар байна. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийсээр байгаа. Бид эрсдэлтэй хүн амд чиглэсэн харуулдан тандалт хийж байна. ЭМЯ-ны тусгай дугаарын утсанд иргэдээ хүлээн авч мэдээлэл өгч байгаа" гэлээ.

ЭМЯ-наас хойд хөрш ОХУ-ын өвчлөлийн байдлыг танилцууллаа. Орост сүүлийн 10 хоногт өвчлөл ялимгүй буурч байна. Хоногт 26 мянга гаруй хүн өвчилж, хил залгаа Буриад, Тува улс, Эрхүү мужид халдвар илэрсэн хэвээр байгаа аж. Харин урд хөрш Хятадад өвчлөл нэмэгдэж байна. Англи улсаас гаралтай ковидын шинэ хувилбар Хэбэй мужид бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус мужид хөл хорио тогтоож, шинжилгээ авч эхэлжээ.

Дэлхий дахинд халдварыг богино хугацаанд таслан зогсоосон үлгэр жишээ 10 орны нэг болох Шинэ Зеланд улсад мөрдсөн жишгийг танилцуулъя. Тус улсад гэр орныхоо хүрээнд л хүнтэй харьцах, байгаа байгаа газартаа байх, нэг хүн 10-аас дээш хүнтэй харьцахгүй, уулзахгүй байх зарчмыг баримталжээ. Цар тахлын үед хүн сэтгэлзүйн хямралд ордог учраас зөвхөн гэр бүлийн гишүүдтэйгээ уулзаж, ойр дотно байх, албан газартаа 5-аас доош хүнтэй харьцах зэрэг дэглэм барьсан нь маш үр дүнтэй байжээ. Шинэ Зеландад ихэнх албан газар ажилчдынхаа 70 хувийг цахимаар ажиллуулж, утасны апп ашиглан шинж тэмдэг болон хавьтлын мэдээллийг дамжуулж байсан аж.

ЭМЯ-наас иргэдэд хандан гадуур гарахгүй байх, эмнэлгийн байгууллагад яаран очихгүй байхыг анхаарууллаа.

 

Top