ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийслэл хотод 3-4 голомт идэвхтэй байна. Халдвар голомтлон тархаж байгаатай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн долоон баг 24 цагаар халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа" гэв.
Дэлхий дахинд халдварын тархалт эрчтэй хэвээр, ялангуяа Их Британиас гаралтай мутацид орсон хувилбар тархаж, дэлхийн 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.
Манай улсын хувьд халдварын үе шат бүрийг тодорхойлж, үе шат бүрт тохирсон арга хэмжээ авч байгаа аж. Хувь хүнд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авч байна. Халдварын тархалтыг дөрвөн үет шатанд хувааж үзэхэд манай улсад гадаад, дотоод орчинд хоёуланд нь амны хаалт зүүх түвшинд ирсэн байна. Мөн тусгай дугаарын утаснуудыг ажиллуулж, хүн амд зөвлөгөө мэдээлэл өгөх арга хэмжээ авч буй. Иргэд аль болох утсаар мэдээлэл авч, эрүүл мэндийн байгууллагад яаран ирэхгүй байх нь халдвараас өөрийгөө хамгаалах гол арга юм. Түүнчлэн аль болох гэр гэртээ байгаарай.