Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусний 10 гаруй голомтын гурав нь одоогоор өндөр идэвхжилтэй байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Мөн халдвар авсан хүмүүс эмнэлгийн байгууллагаар явсан тохиолдол гарч байгаа учир ЭМЯ-наас анхааруулж байгаа шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд ЭМЯ-ны утсанд хандаж, цаашид хэрхэн арга хэмжээ авах, хаана очиж үзүүлэх талаар заавар зөвлөгөө авах шаардлагатайг санууллаа.
Хөрш орнуудаас ОХУ-д халдвар сүүлийн 10 гаруй хоногт буурах хандлага ажиглагдаж байгаа бол Хятадад халдвар нэмэгдэх хандлагатай байна. Хэбэй мужид 20 сая гаруй хүн хатуу хөл хорионд байна.
Ковидын мутацид орсон шинэ хувилбар дэлхийн 50 гаруй оронд тархсан. Уг хувилбар нь илүү хурдан тархаж байгаа бол хүний бөөгнөрөл мөн халдвар хурдан тархахад нөлөөлж байгаа аж. БНСУ-д л гэхэд сүмтэй холбоотой халдвар нэмэгдсээр байна.
Улс орнууд эмч нарынхаа сэтгэлзүйн байдалд анхаарах цаг болсныг хэлж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд эмч нар ажлаасаа уйдах, өөрийгөө гэмтээх бодол төрөх, сэтгэлээр унах зэрэг байдал ажиглагджээ.
Манай орны хувьд амны хаалтаа сайн зүүх, 2-3 цаг зүүгээд солих, хаяхдаа нугалж, битүү уутанд хийх, тагтай хогийн саванд хаях хэрэгтэйг ЭМЯ-наас дахин анхаарууллаа. Мөн амны хаалт зүүхдээ хамраа хэзээ ч ил гаргаж болохгүй, гараараа оосорноос нь өөр газарт хүрэхгүй байх хэрэгтэй юм.