Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVAX” хөтөлбөрийн хүрээнд коронавирусний эсрэг 40 сая тун вакцин нийлүүлэх тухай гэрээг “Pfizer/BioNTech” компанитай байгууллаа гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Үүн дээр нэмж “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран гаргаж авсан вакцины 150 сая тунг нийлүүлнэ гэж найдаж буйгаа Гебрейесус илэрхийлжээ. Энэхүү бэлдмэлийн “COVAX” хөтөлбөрийн хүрээнд энэ оны нэгдүгээр улиралд хуваарилж эхлэх аж.
Тус хөтөлбөрийн хүрээнд вакцин хуваарилах ажил ирэх хоёрдугаар сараас эхлэх ба нийт хоёр тэрбум тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байна.
Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбооны (GAVI) тэргүүн Сет Берклигийн мэдээлснээр, ойрын долоо хоногт тус холбоо 190 оролцогч орнуудад вакцин нийлүүлэлт эхлэх урьдчилсан товыг мэдэгдэх гэнэ.