Дэлхий дахинд шинэ халдварын тоо гурван долоо хоног дараалан буурч байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Дэлхий дахинд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо гурав дахь долоо хоног дараалан буурч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Түүний хэлснээр, энэ найдвар төрүүлсэн мэдээ коронавирусний шинэ хувилбарууд гарч ирсэн ч цар тахлыг хянаж болно гэдгийг илтгэж байна. Халдвар хамгааллын арга хэмжээг үргэлжлүүлснээр халдварын тархалтыг зогсоох боломжтойг мөн харуулж байна гэж Гебрейесус онцолсон байна. Халдварын тархалтын хянаснаар хүний амийг аврахаас гадна шинэ омог, хувилбарууд үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж мөн мэдэгджээ.

ДЭМБ-ын  тэргүүн эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн системийг бэхжүүлэх нь чухал болохыг онцлоод дэлхийн 133 улс оролцсон “SCORE” судалгаанаас үзвэл дэлхий дахинд коронавирусний халдвараас үүдэлтэй 10 нас баралт тутмын дөрөв нь бүртгэлгүй үлдэж буйг онцгойлон анхааруулжээ.

ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд нийт 444 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 102.58 сая гаруй хүн халдвар аваад байна. Өнгөрсөн нэг хоногт халдварын улмаас 10 мянга гаруй хүн эндэж, нийт нас баралтын тоо 2.22 саяыг даваад байна.

Халдварын шинэ тохиолдлын 58 гаруй хувь Хойд болон Өмнөд Америкт бүртгэгдсэн бол Европт 116 369, Зүүн өмнөд Азид 25 989 халдварын шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Top