ЭМЯ: Улаанбаатарт халдварын нийт 30 голомт бүртгэгдсэн

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Монгол Улсад өнгөрсөн 24 цагт 27 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдөртэй харьцуулахад 9 тохиолдлоор нэмэгджээ. Улаанбаатар хотод нийт 30 голомт илэрснээс одоогоор ес нь идэвхтэй байна.

ЗӨСҮТ-ийн баг 18 объектод халдваргүйжүүлэлт хийв. ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуунсухайт боомтод 203 тээврийн жолоочид PCR шинжилгээ хийхэд коронавирус  илрээгүй.

ЭМЯ-нд долоон тусгай дугаарын утас ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ний 3705 хүн мэдээлэл, зөвлөгөө авчээ.

Дэлхийн 223 улсад коронавирус бүртгэгдсэн. ДЭМБ-ын мэдээллээр, нийт 102.9 сая хүн халдвар авч, 76 сая гаруй хүн эдгэрч, 2.2 сая хүн энджээ. Сүүлийн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо 13 хувиар буурч байна. Энэ нь хорио цээрийн арга хэмжээ, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, вакцин хийж эхэлсэнтэй холбоотой.

“Lancet” хэвлэлд ОХУ-д гаргаж авсан “Спутник V” вакцин 91.8 хувийн үр дүнтэй болохыг мэдээлжээ. Вакцин хийлгэсний дараа ч амны хаалт зүүх, гараа угаах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстой.   

Top