Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Өнгөрсөн жил Хятад улс Цагаан сарыг тэмдэглэсэн нь 300 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсний улмаас тус улсын бүх муж төдийгүй дэлхийн дахинд өвчин тархсан. Иймээс судлаачид цар тахлын үед шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал хийх нь халдвар тархаах гол нөхцөл гэж үзсэн. Өнгөрсөн жил монголчууд цахим золголт хийсэн ба энэ жил УОК-ийн шийдвэрийн дагуу Цагаан сарыг мөн гэр бүлийн хүрээнд, цахимаар золгохыг уриалж байна. Улаанбаатар хотод 10 голомт өндөр идэвхтэй байна. Халдвар авах өндөр эрсдэлтэй газар нь хүний бөөгнөрөл үүссэн газар болж байна. Манай улсад дэлгүүр, захад хүний бөөгнөрөл үүсэж байна. Цагаан сарын гэр бүлийн хүрээнд, цахимаар золгох тул бэлэг сэлт бэлтгэх, хүнс их хэмжээгээр цуглуулах шаардлага байхгүй. Ингэснээр бид өөрсдийгөө эрсдэлээс сэргийлэх юм.
Нийслэлд шинжилгээ хийхдээ ЭМЯ-ны цахим хуудас руу орж, хамгийн ойр цэгийг сонгож, цаг авах эсвэл 7777-3773 утсаар gerege киоск, апп-ыг ашиглан цаг авах, шаардлагатай тохиолдолд цагаа цуцлах боломжтой. Ингэхдээ ойрын цэг дээр иргэний үнэмлэхтэй очин, асуулга бөглөж, шуурхай шинжилгээ өгөх мөн боломжтой. Цаг авсан хүмүүсийн 30-40 хувь нь цагтаа ирэхгүй тохиолдол гарч байна. Иймээс цагтаа ирэх боложгүй болсон тохиолдолд 7777-3773 утсаар gerege киоск, апп-ыг ашиглан цагаа цуцалж, бусад хүмүүст шинжилгээ хийх боломжоор нь хангахыг уриалж байна.
Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг эрүүл мэндийн хяналтад авч байгаа. Олон улсын түвшинд хийсэн судалгаанаас үзвэл, халдвар аваад эдгэрснээс хойш хамгийн дээд тал нь зургаан сарын дотор үс унах, толгой эргэх, өвдөх нойргүйдэх эсвэл нойрмоглох, бие шархирах зэрэг шинж тэмдэг 20-30 хувьд, ялангуяа хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст голдуу илэрч байна.