КОВИД-19 мутац, хүүхдийн халдвар нэмэгдэж буйтай холбоотой эсэхийг тогтооно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Израилд коронавирусний “британи” хувилбар тархаж буйтай зэрэгцэн хүүхдийн халдвар хоёр дахин нэмэгдэж, эмнэлгүүдэд тусгай сэхээн амьдруулах тасгууд нээхэд хүргэжээ. Иймээс Израилийн эмч нар коронавирусний шинэ омог, хүүхдийн дунд халдвар нэмэгдсэнтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна гэж Иерусалимын Хадасс Эйн Керемийн эмнэлгийн хүүхдийн тэргүүлэх эмч Асаф Мандел мэдэгджээ.

Ялангуяа Иерусалим хотод хүүхдүүд олон тоогоор халдвар авах болсон тул бяцхан өвчтөнүүдэд зориулж сэхээн амьдруулах тасаг нээхэд хүргэсэн. Коронавирусний шинэ мутац хүүхдэд хэр нөлөөлж буй нь одоогоор тодорхойгүй байна. Ойрын үед үүний хариу олдоно гэж найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.

Израил хүн амаа вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн ч 16 хүртэл насны хүүхдүүдэд вакцин хийхгүй байгаа. Учир нь хүүхэд дээрх вакцины эмнэлзүйн туршилт одоогоор дуусаагүй байгаа юм.

Хууч өвчингүй хүүхдүүд хүнд хэлбэрээр өвчилж байна гэж Хадассын эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч нар анхааруулжээ. Гэхдээ энэ насны бүлгийн нас баралт тэг рүү ойртож байгаа гэнэ.

 

Top