ЭМЯ: Эмнэлгийн ажилтнуудад вакцины талаар тусгай сургалт явуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Нийслэл хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд 38 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Гол төлөв ойрын хавьтлууд гарч байна. Нийт 18 голомт өндөр идэвхтэй байна. Үйлдвэр, худалдааны байгууллагатай холбоотой халдварын тархалт тэлэх хандлагатай байна.

2300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. ЗӨСҮТ өндөр идэвхжлийн зэрэгт шилжин, ариутгалын ажлыг хийж байна.

Гашуунсухайтад өнгөрсөн нэг хоногт 179 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Долоон тусгай дугаар коронавирусний халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Дэлхий дахинд вакцинжуулалтын ажил идэвхтэй явж байна. Одоогоор дэлхийн 67 оронд 109 сая вакцин хийж байна. Өдөрт нийт 4.5 сая хүн вакцин хийлгэж байна. Вакцин халдварын тархалт бууруулна, өвчлөл хүндрэх, эндэгдлээс хамгаална. Вакцин хийлгээгүй нөхцөлд хүн хоорондын зай барих нь өвчлөлөөс сэргийлэх, хүндрэл, нас баралтыг бууруулахад ач холбогдолтой. Ийм учраас монголчууд хүн хоорондын зай барих шаардлагатай байна. Ялангуяа Цагаан сартай холбогдуулан дэлгүүр хэсэх, хамтарч бууз хийх зэрэг хүний бөөгнөрөл үүсгэж байна.

Байгууллагуудад халдвар хамгааллын нөхцөл байдал муу байгаа нь халдвар тархахад хүргэж байна. Агааржуулалт муу, харанхуй битүү орчин халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна. Албан газарт дотоод орчинд амны хаалт зүүхгүй байна. Иймээс дотоод орчинд амны хаалт зүүх, өрөө тасалгаанд ширээг 1.5-2 метрийн зайд байрлуулах, ажилчдаа цахимаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, аль болох цаас бичигтэй харьцахгүй байх, дархлааг нь дэмжих, ажилчдыг цайны газарт оруулахдаа нэг удаад цөөн хүнийг оруулах, ариун цэврийн өрөөнд ариутгал цэвэрлэгээ хийх, саван зэрэг ариутгалыг бодис байрлуулах шаардлагатай байна.

Албан байгууллага бүрт тусгаарлах өрөө байх ёстой. Халдвар авсан байх магадлалтай хүнийг шууд гэрт нь явуулснаар замдаа 5-10 хүнд халдвар тараах магадлалтай. Мөн халдвар авсан хүнийг нуух тохиолдол гарч байна. Эерэг байх, мэдээлэлтэй байх, бие биенийгээ хүндэтгэх нь хамгийн чухал юм.

Эрүүл мэндийн эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулах арга хэмжээг нарийн зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, тусгай сургалтад хамруулж байна.

 

 

Top