Вакцин хийлгэсэн хүний тоо халдвар авсан хүмүүсээс давжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 06

Дэлхий дахинд КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүний тоо халдвар авсан хүмүүсийнхээс давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Энэ нь нэг талаас сайн мэдээ бөгөөд богино хугацаанд гаргасан гайхалтай дэвшил гэж Геберейсус онцолжээ. Гэвч вакцины 75 гаруй хувь нь дэлхийн ДНБ-ний 60 орчим хувь төвлөрдөг 10-хан оронд ногдож байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, нийт 2.5 тэрбум хүн амтай 130 орчим улс орон вакцины эхний тунг ч одоогоор аваагүй байна. Тиймээс эрсдэл бүхий бүлэг, эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулсан улс орнуудад хандан нийт хүн амдаа вакцин хийхээсээ өмнө бусад улс оронтой хуваалцахыг уриалсан байна.

Блүмберг агентлагийн мэдээллээр, дэлхий дахинд одоогийн байдлаар өдөрт дунджаар 4 540 345 хүн вакцин хийлгэж байна. Ийм хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг вакцинжуулахад долоо орчим жил шаардагдана. Шинжээчдийн үзэж буйгаар, хүн амын 70-85 хувийг вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой болох аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 105 906 775-д хүрч, 2 308 846 хүн эндэж, 77 524 424 өвчтөн эдгэрээд байна.

 

Top