Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг Засгийн газар, ХӨСҮТ-өөс хүргэж байна. Энэ үеэр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: “Нэг өрх – нэг шинжилгээ”-ний хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22123 өрхийн нэг гишүүнийг хамруулсан. Хан-Уул дүүрэгт үлдсэн алслагдсан хороодын дөрвөн мянга орчим өрх үлдсэн бөгөөд өнөөдрөөс хоёр мянга, маргааш хоёр мянган өрхийн нэг гишүүнээс авна. Самнах байдлаар PCR шинжилгээ авах ажил үргэлжилнэ. Сүхбаатар дүүрэгт өнөөдөр 22 мянга гаруй өрхийг хамруулна. Ингэхдээ суурин 11, явуулын 75 баг шинжилгээ авах юм. Хөл хорио дуусах хүртэл гурван өдөр үлдээд байна.
Маргааш хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргээр шинжилгээний ажил дуусгавар болно. Улаанбаатар хотын 411 мянган өрхөөс шинжилгээ авна.
Дархлаажуулалтын албаны дарга Дашпагма: Ихэнх вакцин хоёр тунгаар хийж байгаа. Аливаа вакциныг 2,3 тунгаар дархлаажуулж байгаа үед хоёр дахь болон дараагийн тунг тухайн цаг хугацаанд нь хийх ёстой байдаг.
Судалгаагаар хэсэг газар урвал үзүүлэх, томуу төст шинж тэмдэг буюу толгой өвдөх, бага зэрэг халуурах зэрэг хариу урвал ажиглагдсан байна. Эдгээр нь тодорхой хугацааны дараа алга болдог.
Монгол Улсад хувьсан өөрчлөгдсөн коронавирус орж ирээгүй тул вакцин бүрэн үйлчилнэ.
Вакцины эсрэг заалттай иргэд вакцин хийлгэхгүй. Эмч, иргэн хоёр вакцин хийлгэх эсэхийг шийддэг. Тиймээс эмчийн үзлэгт заавал хамрагдаж байж, вакцин хийлгэх эсэхийг шийднэ.
Иргэнд амны хаалт зүүх, гараа угаах, QR код уншуулах гурван энгийн дүрэм үйлчилнэ.