ДЭМБ: КОВИД-19 халдварын тархалт дахин өслөө

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Сүүлийн долоон долоо хоногт КОВИД-19 халдварын тархалт анх удаа нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Түүний хэлснээр, халдварын өсөлт Европ, Хойд болон Өмнөд Америк, Зүүн өмнөд Ази, Газар дундын тэнгисийн зүүн ай сав зэрэг ДЭМБ-ын зургаан бүс нутгаас дөрөвт нь бүртгэгджээ.

ДЭМБ халдварын тархалт нэмэгдэж буйн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Энэ нь хөл хориог сулруулсан, коронавирусний шинэ омгуудын тархалт, хүмүүсийн анхаарал суларсантай холбоотой гэж ДЭМБ үзэж байна. Вакцин хүмүүсийн амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэх хэдий ч зөвхөн вакцинд найдахгүй байхыг Гебрейесус уриалсан байна.Нийгмийн эрүүл мэндийн үндсэн арга хэмжээнүүд коронавирустэй тэмцэх үндэс суурь хэвээр байх болно гэж тэрбээр онцолжээ.

ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн долоо хоног дэлхий дахинд 2.6 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс хоёр долоо хоногийг өмнө 2.5 сая гаруй хүн шинээр халдвар авсан байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд 113 сая гаруй хүн халдвар авч, 2.5 сая гаруй хүн эндээд байна.

 

 

Top