Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.02/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Дэлхийн эрдэмтэн судлаачид олон төрлийн оношлуур хийж бүтээж байгаа. Есдүгээр сард дэлхийд шүлснээс коронавирусний халдвар илрүүлдэг оношлуур бүтээсэн. Ийм оношлуураар хүмүүс гэртээ өөртөө шинжилгээ хийх юм. Манай анагаах ухааны эрдэмтэн судлаачид шүлснээс коронавирусний халдвар илрүүлэх оношлуур бүтээж байгаа талаараа мэдээлэл өгсөн. Удахгүй оношлуурыг практикт нэвтрүүлэх, туршилтад оруулах үйл ажиллагаа болно” гэлээ.
Дэлхий дахинд PCR шинжилгээнд өвчлөлийн шинж тэмдэггүй хүмүүсийг шүлснээс нь дээж авах шинжилгээнд хамруулж байгаа билээ. Үүний үр дүнд нисэх онгоцны буудал зэрэгт хүмүүсийн хамрын салстаас дээж авахаас илүү хялбараар шинжилгээ хийх боломжтой болжээ. Хамрын салстаас шинжилгээ өгөх үеэр хүмүүст эвгүй мэдрэмж төрдөг мөн хүмүүс найтаах магадлалтай учир шинжилгээ авч буй эмч, эмнэлгийнхэнд халдвар тархах эрсдэлтэй юм. Эдгээр асуудлыг шийдсэн шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь хорио цээрийн үед олон хүнийг шалгаж үзэх боломжтойг Японы мэргэжилтнүүд сайшаадаг. Энэ нь хяналт шалгалтын тогтолцоог өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, хилийн хорио цээрийн дэглэмд ашиглахад маш тохиромжтой аж.