Одоо байгаа вакцинууд нь хоёр удаагийн тунгаар дархлаажуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Манай улс вакцин болон био бэлдмэлийн хувьд ДЭМБ-ын яаралтай горимоор баталгаажуулсан вакциныг хэрэглэж байгаа аж. Одоо байгаа вакцинууд нь хоёр удаагийн тунгаар дархлаажуулдаг гэдгийг ЭМЯ-наас дахин мэдээллээ.

Улаанбаатар хотод вакцинжуулалтын 22 цэг дээр 220 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа аж. Эдгээр дээр нэмэлт цэгүүдийг мөн байгуулж, нийтдээ вакцинжуулалтын 31 цэгт 300 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүн гэртээ гараад нас барсан гэх мэдээллийн талаар ЭМЯ-наас “Халдвар авсан хүн эмчлэгдээд уушгины хавсарсан эмгэгээр Нэгдүгээр эмнэлэг рүү шилжиж эмчилгээгээ хийлгээд гарсан байсан. Гэртээ очоод нас барсан талаарх мэдээллийг одоогоор бид аваагүй байна” гэлээ.

Ковидын шинжилгээг төлбөртэй авдаг болж байгаа гэх мэдээллийн талаар ЭМЯ “Тодруулаад дараагийн мэдээллээр хариулт өгнө” гэв. Бээлий болон бусад нэг удаагийн хэрэгслийн хангалт дууссан гэх асуудлыг мөн тодруулж байгаад мэдээлнэ гэсэн юм.

 

 

Top