Эхийн хэвлийд байхдаа халдвар авсан тохиолдол бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Шведэд коронавирусний халдвар авсан эхээс төрсөн нярайд коронавирусний шинэ хувилбар илрүүлжээ.

The Conversation” хэвлэлд мэдээлснээр, жирэмсэн эмэгтэйн хэвлий хүчтэй өвдөж, Мальмё хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Хүүхдийнх нь зүрхний цохилт маш бага байсан нь хүчилтөрөгчийн дутагдалд орсныг илтгэж байжээ. Тиймээс эмч нар яаралтай хагалгаа хийсэн байна. Мэндэлсэн нярай болон ээжээс шинжилгээ авахад хоёулангаас нь вирус илэрчээ. Вирусийн генийн дарааллыг судлахад хүүхэд эхийн хэвлийд байхдаа халдвар авсан нь тогтоогдсон байна. Хожим нь судлаачид нярайн вирусийн омог эхийнхээс нь өөр болохыг тодорхойлжээ. Энэ нь коронавирус эхээс урагт халдварлахдаа генийн өөрчлөлтөд орсон анхны тохиолдол юм гэж Лундийн их сургуулийн эмнэлгийн эх баригч эмч Мехрен Зайгам онцолжээ.

Вирус хувьсан өөрчлөгдөх нь ховор биш ч A107G гэж нэрлэгдсэн шинэ омог хүүхэд төрснөөс хойш таван хоногийн дараа бий болсон байна. Энэ нь нярай эхийн умайгаас гадаад орчинд орсон нь вирусийг хувьсан өөрчлөгдөхөд хүргэсэн байх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Вирус эхсийг үрэвсүүлсэн ба коронавирусний уураг эхсийн гадна, дотор талд илэрсэн байна. Хүүхдэд эсрэг биет үүссэн бөгөөд шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Эхийн сүүнд эсрэг биет илрээгүй тул хүүхдийн дархлааны тогтолцоо хамгаалалт болсон гэж судлаачид дүгнэжээ.

 

 

 

Top