БНСУ “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг судалж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

БНСУ-ын эрх баригчид “AstraZeneca” компанийн бүтээсэн коронавирусний эсрэг вакцин хийлгэснээс хойш хэдхэн хоногийн дараа нас барсан хоёр тохиолдлыг судалж байна гэж өнөөдөр /2021.03.03/ мэдээлжээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, асрамжийн газрын 63 настай өндөр настан вакцин хийлгэсний дараа өндөр халуурч, эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр тархи, нугасны суурь өвчтэй байсан бөгөөд цусны халдвар, хатгалгаагаар эмнэлэгт нас барсан байна.

Хоёр дахь тохиолдол болох 50-иад насны иргэн зүрхний суурь өвчин, чихрийн шижинтэй байсан бөгөөд нэг өдрийн өмнө вакцин хийлгэсний дараа хэд хэдэн удаа зүрхний шигдээс болж, лхагва гарагт нас баржээ.

БНСУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг энэ хоёр тохиолдлыг судалж байгаа аж.

“AstraZeneca” компанийн Сөүл дэх төлөөлөгч энэ талаар тус компаниас тайлбар хийгээгүй байна гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.

БНСУ өнгөрсөн долоо хоногт ард иргэдээ вакцинжуулж эхэлжээ. Одоогийн байдлаар, 85 мянга гаруй хүн “AstraZeneca” вакцин, 1524 хүн “Pfizer” вакцины эхний тунг хийлгээд байна.

БНСУ-д нийт 90816 хүн халдвар авч, 1612 хүн энджээ. Өнгөрсөн нэг хоногт 444 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Top