Шинжилгээний цэгүүд нь халдварын ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ бүс гэдгийг анхааруулав

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн ярьснаар энэ сарын 1, 2-нд PСR шинжилгээний цэгүүдийн ачаалал 37.2-52.9 хувиар нэмэгдсэн байна. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгожээ. Мөн явуулын гурван цэг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байгаа аж.

Шинжилгээ авч байгаа цэгүүд нь халдварын өндөр эрсдэлтэй бүс гэдгийг тэрбээр хэлж байлаа. Мөн цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж төлөвлөсөн хэмжээнд татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй гэв. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж байна гэлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд үйлчлэх ёстой. Өдөрт нэг цэг 644 иргэнд үйлчлэх бололцоотой. Нийт 22 цэгээр 14168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байна" гэсэн юм.

Иргэд та бүхэн Ковидын шинжилгээ өгөхдөө цаг авч үйлчлүүлэхийг уриалж байна.

Top