Онц байдал зарлах онцгой эрх Ерөнхийлөгчид биш, УИХ-д байдаг

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийгөө “Зэвсэгт хүчний ерөнхий командлагч” хэмээн тодотгож хэлэх болсон нь олон нийтийн анхаарал татаж буй сэдвүүдийн нэг болоод байгаа ба түүнийг онц байдал зарлахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарсан.

Үүнийг дагаад улс оронд онц байдал зарлах эрх хэнд байдаг вэ? гэх асуулт гарч ирж буй учраас дээрх асуултад хариулт эрлээ. 

Тэгвэл онц байдал зарлах онцгой эрх зөвхөн УИХ-д л байдаг ажээ. Тодруулбал, Монгол Улс бол парламентын бүгд найрамдах улс бөгөөд Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж маш тодорхой заасан байна. Онц байдлыг зөвхөн хуулиар албажуулна, хууль батлах эрх зөвхөн УИХ-д байна.

Мөн Үндсэн хуулийн 25.1.18 дугаар заалтад “онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах” эрх нь гагцхүү УИХ-д байна гэж заасан байна.   

Харин Ерөнхийлөгчийн эрхийг маш тодорхой хязгаарласан байна. Үндсэн хуулийн 33.1.12 дугаар заалтад Ерөнхийлөгчийн эрхийг “…Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд… онц… байдал зарлах” гэж хязгаарлажээ. Мөн “онц байдал… зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно” гэж заасан байна. 

Тэгэхээр УИХ-ын чуулгантай байгаа үед Ерөнхийлөгчид онц байдал зарлах эрхгүй. Харин УИХ-ын чуулган албан ёсоор тарсан үед онц байдал зарласан зарлигийг нь УИХ долоо хоногийн дотор хэлэлцэж батлах эсвэл хүчингүй болгох эрхтэй юм байна. Нөгөө талаар УИХ огт шийдвэр гаргахгүй бол зарлиг нь өөрөө хүчингүйд тооцогдох ажээ.

Онц байдлыг тогтоох Ерөнхийлөгчийн эрхийг Үндсэн хуулиас гадна бас Онц байдлын тухай хуулиар хязгаарласан байдаг. Тухайлбал, тус хуулийн 5.3 дугаар заалтаар гагцхүү “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана” гэж заасан ажээ. Тэгэхээр хэрэв Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүний аль нэг нь зөвшөөрөхгүй бол Ерөнхийлөгч өөрөө дур мэдэж онц байдал зарлах эрхгүй. Хэрэв энэ хуулийг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж бас заажээ.

Үндсэн хуулийн 25.1.18 дугаар заалтын дагуу “дайны байдал зарлах” эрх зөвхөн УИХ-д байдаг. Мөн Үндсэн хуулийн 33.1.12 дугаар заалтын дагуу УИХ-ын чуулгантай үед цэрэг хөдөлгөх захирамжийг Ерөнхийлөгч гаргах эрх байхгүй. УИХ-ын чуулган хуралдаж байх үед Ерөнхийлөгч ийм захирамж гаргавал хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Хэрэв УИХ-ын чуулган чөлөөтэй үед тийм захирамж Ерөнхийлөгч гаргавал УИХ мөн энэ захирамжийг батлах эсвэл цуцлах эцсийн шийдвэрийг гаргах ажээ.

Хэрэв Ерөнхийлөгч онц байдал зарлахыг оролдвол энэ нь төрийн эрх мэдлийг хуул бусаар авах гэсэн гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. 

 

 

Top