ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 08 сарын 17

Өнөөдөр 2022.08.17. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 05 цаг 50 минутад мандлаа, 20 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. 

Өнөөдөр  дэлхий дахинд Хуучин барааны дэлгүүрийн өдрийг тэмдэглэж байгаа бол Габон, Индонезид Тусгаар тогтнолын өдрийн баяртай.

Энэ өдөр Францын хөлбөмбөгч Тьерри Анри, АНУ-ын теннисчин Жим Курье, Оскарын шагналт, америк жүжигчин Шон Пенн, Роберт Ди Ниро, Их Британийн жүжигчин, модель Рейчел Херд-Вуд, Оросын дуучин, блогчин Mary Gu зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1502 онд Христофор Колумб Хондурасыг Испанийн эзэмшил гэж зарлажээ.

1896 оны энэ өдөр Брижет Дрисколл машинд дайруулан нас барсан анхны хүн боллоо.

1903 онд Жозеф Пулитцер өөрийн нэрэмжит шагналаа үүсгэсэн байна.

1958 онд БНХАУ-ын удирдагч Мао Зэ Дун Их үсрэлтийн бодлогоо эхлүүлж байгаагаа зарлажээ.

1964 онд Брюс Ли Линда Кедвеллтэй гэрлсэн байна.

1974 оны энэ өдөр Кубад сонирхогчдын боксын анхны ДАШТ эхлэж байв.

1998 онд ОХУ-ын Засгийн газар дефолт зарлаж, эдийн засгийн их хямрал эхэлжээ.

2009 онд ОХУ-ын Назрань хотод алан хядлага болж, 20 хүн амиа алдан, 138 хүн шархадсан байна.

Өнөөдөр үс засуулбал муу, өвчин ирнэ.

Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэвэл зохистой. Харин сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золигт гаргах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top