Рио Ринто цацраг идэвхт төхөөрөмж хаясандаа уучлал гуйв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Уул уурхайн “Рио Тинто” компани Баруун Австрали мужид цацрагийн өндөр идэвхт капсулыг гээсэндээ ням гарагт /2023.01.29/ уучлал эржээ. Эл капсулыг уурхайгаас Перт хот руу энэ сарын 10-нд тээвэрлэх замд санамсаргүй унагасан байна.

Орон нутгийн эрх баригчид 1400 км зайд самналт хийхээр төлөвлөж байна. Капсулыг тээвэрлэж байсан ачааны тэрэг Перт хотод энэ сарын 16-нд ирсэн ба цацрагийн өндөр идэвхт капсул алга болсон тухай орон нутгийн онцгой байдлын албанд энэ сарын 25-нд мэдэгджээ. 8Х6 мм хэмжээтэй капсулыг эрэн хайх ажиллагаанд Австралийн бусад мужуудын онцгой байдлын албадын дайчилж, ард иргэддээ энэ тухай мөн анхааруулга өгч, автомашиныхаа дугуйг сайтар шалгахыг зөвлөөд байна.

Цацраг хэмжигчид гол төлөв ашигладаг цезий 137 нь цагт 10 рентген туяатай тэнцэх хэмжээний аюултай туяа ялгаруулдаг байна.

“Рио Тинто” компанийн төмрийн уурхайн гүйцэтгэх захирал Саймон Тротт олон нийтийн санааг түгшээсэн явдалд хүлцэл өчиж, орон нутгийн эрх баригчдад шаардлагатай дэмжлэг үзүүлэхээс гадна аюултай капсул хэрхэн хаягдсан хэргийг компанийн зүгээс шалгаж буйгаа мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top