Фүкүшима: Оршин суугчид гэртээ харина

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцад осол гарснаас хойш 8 жилийн дараа АЦС-тай зэргэлдээ орших хотын оршин суугчид өнөөдрөөс /2019.04.10/ эхлэн гэртээ харих боломжтой болжээ.

АЦС-аас баруун зүгт орших Окума хотын газар нутгийн 40 хувьд цацрагийн түвшин буурсан тул оршин суухад аюулгүй болсон байна. Осол болохоос өмнө 10341 оршин суугчтай байсан тус хот руу одоогоор 367 хүн буцаж нүүхээр бүртгүүлсэн гэнэ.

Тус хотын үлдсэн хэсэгт өнөө хэр цацрагийн түвшин өндөр байгаа тул хаалттай хэвээр байна. Оршин суугчдад өдрөөр гэрээ эргэх зөвшөөрөл олгосон хэдий ч зөвхөн 48 хүн л гэртээ хонохоор бүртгүүлсэн гэж Киодо Ньюс агентлаг мэдээлжээ. Асахи сониноос явуулсан судалгаанаас үзвэл тус хотын оршин суугчдын гуравны хоёр нь цацрагаас болгоомжилж буйгаа илэрхийлсэн байна.

Окума хотын зарим хэсгийг цацрагийг саармагжуулах, хоргүйжүүлэх ажлын явцад хуримтлагдсан хэдэн сая куб метр хортой хөрс бүхий түр агуулах хэлбэрээр ашиглаж байна. Японы засгийн газар эл хөрсийг Фүкүшима мужаас 2045 он гэхэд бүрэн гаргана гэж амласан хэдий ч өнөөг хүртэл цацраг туяанд бохирдсон хөрсийг хадгалах өөр газар олоогүй байна.

Энэ сарын 14-нд болох нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг хэсэгчлэн цуцлах ёслолын арга хэмжээнд Японы Ерөнхий сайд Абэ Шинзо оролцох гэнэ. Тэрбээр Фүкүшима Дайичид мөн зочилж магадгүй байгаа бөгөөд энэ нь сүүлийн таван жилд тэнд хийж буй анхны айлчлал болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 jil arilahgui(108.218.234.108) 2019 оны 04 сарын 11

100 jil ungurtul hun suurishih bolomjgui l geed baidgiin, ugaasaa gazar nutgaar homs ard tumen bolohoor chihtseldej amidrahaar hordson ch hamaagui gertee harij seluuhen amidariya gej baigaam bizdee

0  |  0
Top