Аманд төмрийн амт амтагдах нь коронавирусний халдвар авсныг илтгэдэг болохыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ.
“Express” хэвлэлд мэдээлснээр, амьсгалын замын халдварын үед хамар битүүрэх эсвэл үнэрлэх эрхтэн гэмтсэний улмаас ихэнх өвчтөнүүдийн амтлах чадвар өөрчлөгдөх эсвэл алдагдахад хүрдэг байна. Судлаачид 59 настай эмэгтэйн тохиолдлыг авч үзсэн байна. Түүнд халдвар авснаас хойш хэдэн өдөр амьсгал давчдах, сульдах, хоолны дуршил үгүй болох зэрэг коронавирусний ерөнхий шинж тэмдэг ажиглагджээ. Эмнэлэгт хүргэгдэхээс нэг долоо хоногийн өмнө дуртай хоол, хүнс нь амтгүй, төмрийн амттай мэт санагдсан байна. Түүнээс гадна хамар нь битүүрээгүй байсан ч үнэрлэх чадвар нь аажмаар алдагджээ.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS) төмрийн амт мэдрэгдэх нь аюулгүй ч өөр өвчнүүдийн шинж тэмдэг байх талтай гэж онцолсон байна. Төмрийн амт мэдрэгдэх болсны түгээмэл шалтгаан нь буйлны үрэвсэл, антибиотикийн хэрэглээ, хорт хавдар эсвэл томуугийн эмчилгээ хийлгэх болон амьсгалын замын бусад халдвартай холбоотой гэж NHS тайлбарлажээ.
Энэ шинж тэмдгийн эмчилгээ тухайн тохиолдлоос шалтгаалах бөгөөд зарим тохиолдолд эмчилгээ огт шаардлагагүй гэж эмч нар зөвлөжээ.