АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама олон нийтэд вакцинжуулалттай холбоотой эргэлзээгээ даван туулахад нь туслах үүднээс олны нүдэн дээр коронавирусний эсрэг вакцин хийлгэхэд бэлэн хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “SiriusXM” радиод өгсөн ярилцлагадаа Америкийн эрдэмтэд, тэр дундаа тус улсын ерөнхий халдвар судлаач Энтони Фаучид бүрэн итгэдэг болохыг олон нийтэд харуулахыг хүсэж байна гэж ярьжээ. “Хэрэв Энтони Фаучи энэ вакцин аюулгүй тул хийлгэж болно гэвэл би заавал тариулах болно” гэж Обама онцолсон байна. Түүний хэлснээр, вакцинд үл итгэсэн хүмүүс бий. Гэхдээ нийтээрээ вакцинжуулалтад хамрагдсаны дүнд улаан бурхан, салхин цэцэг, халдварт саа зэрэг өвчнүүдийг ялан дийлж чадсан гэж дурджээ.