ЭМЯ: Баянзүрх дүүргийн иргэд СБД-ийн эмнэлгээр үйлчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.17/ ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10599 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ. Бүх тохиолдол Улаанбаатарт илэрчээ. Гурав нь тусгаарлалтад байсан хүн бол хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан хүмүүс байна. Одоо хавьтлыг тогтоон, гэрт нь тусгаарлан, тандалт шинжилгээ хийж эхэлжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн тестээр сөрөг гарсан бол 4, 5 дахь хоногт авсан давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёр иргэн нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Халдвар бүртгэгдсэн үед энд тэнд алаг цоог халдвар гарах тохиолдол байдаг. Тиймээс хүн амын дунд алдахгүй байх, батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг тусгаарлах нь чухал байдаг. Өчигдөр орой 18:00 цагаас эхлээд ХӨСҮТ шуурхай ажиллаж, эдгээр хоёр иргэний ойрын хавьтал, тэдний хамаарал болох нийт 171 хүнээс PCR шинжилгээ аваад байна. Энэ бол ойрын хүмүүст хийсэн шинжилгээ. Цаашид хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнийг гэр бүлд нь тусгаарлах, үргэлжлүүлэн тандах ажлыг зохион байгуулна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт байсан хүмүүс эмнэлгийн Б корпус буюу насанд хүрэгчдийн тасагт эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 17-нд гарсан байсан. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтэж, 16-нд халуурч, дахин шинжилгээ авснаар  илэрсэн. Тэдний маршрутыг тогтоосон. Нэг нь гэртээ байсан, гадуур яваагүй. Нөгөө хүн нь эмнэлэгтээ хэвтэж байсан" гэлээ. 

Мөн “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарснаар ЭМЯ-наас тус эмнэлгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж байна. Нэгдсэн эмнэлэг нь өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Энэ хүмүүсийг өөр эмнэлэгт шилжүүлэн, эмчилнэ. 100 ортой нөөц эмнэлэг байгаа. 20 ортой хүүхдийн тасагтай. Хэрэв ачаалал нэмэгдвэл "Энэрэл" болон Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт хэвтүүлэхээр зохицуулсан. Баянзүрх дүүргийн иргэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт үйлчилгээ авна. Түргэн тусламжийг мөн Сүхбаатар дүүргийн эмнэлэг үзүүлнэ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодизийн эмчилгээ хийлгэдэг байсан өвчтөнүүдийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт шилжүүлсэн” гэж ЭМЯ-наас мэдээллээ.  

Top