Канадын Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо Британи-Шведийн “AstraZeneca” компанийн гаргаж авсан коронавирусний эсрэг вакциныг 65-аас дээш насны хүмүүст хийхгүй байхыг уриалжээ.
Канадын Эрүүл мэндийн яамнаас энэ талаар мэдээлээд “Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо ийнхүү мэдэгдэл гаргах болсон шалтгаан нь энэ вакцин 65-аас дээш насныханд үр дүнтэй эсэх талаарх мэдээлэл хязгаарлагдмал байна” гэжээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн мэдээлснээр тус улс “AstraZeneca”-гийн вакцинаас 20 сая тунг авсан байна.
Британи-Шведийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусний эсрэг вакциныг зөвхөн залуу хүмүүсийг дархлаажуулахад хэрэглэж болзошгүй талаар өмнө нь Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллагаас мэдэгдэж байжээ. Уг вакцины туршилтад 65-аас дээш насныхныг хангалттай тоогоор оролцуулаагүй учир ийм шийдвэр гарч магадгүйг мэдээлсэн байна.